Tuesday, April 23, 2013

эрх чөлөө эссэ

http://www.istockphoto.com/file_thumbview_approve/5591748/2/istockphoto_5591748-freedom.jpg
Ер нь эрх чөлөө гэж юу вэ, хаана байдаг юм бол?
Бодит уу, аль эсвэл хийсвэр үү? гэсэн асуулт гарч ирнэ. Эрх чөлөө оюун ухаанд л зөвхөн байдаг юм хэмээн мэргэд цэцлэдэг.
Хүний эрх , хүний чөлөө
Олонх хүн Америкт жинхэнэ эрх чөлөө жинхэнэ ултаараа эдлэгддэг гэдэг. Би саяхан нэг кино үзэх гээд сууж байхдаа киноын эхлэлд, усан дундаас тэнгэр өөд цоролзох галт бамбар гартаа атгасан бүсгүйн дүртэй “Эрх чөлөөний хөшөө”-г харсан. Үүнийг хараад Америк эрх чөлөөг мэдрэхсэн гэсэн битүүхэн бодол зурвасхийн орж ирж билээ. Яг үнэндээ тэнд ямархан эрх чөлөөг, хэр өндөр үнээр худалдаж авдгийг мэддэг хүн цөөхөн.

Эрх чөлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ сонгох боломж мөн. Хүн бүр бусад хүний эрх чөлөөнд хутгалдахгүй л бол өөрийн дураар, хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй.
Эрх чөлөө орчин үеийн нийгмийн ёс суртахууны нэг үнэт зүйл мөн гэдгийг одоо хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ дандаа тийм байгаагүй байх. Хүн төрөлхтний түүхийн дийлэнхи үед засгийн газрын зорилго бол сайн сайхан амьдрал, сайн нийгмийг цогцлуулах явдал гэж үздэг байсан. Хүмүүс нийгмээс шийдвэрлэсэн нийтийн сайн сайхан үйлсийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж, өөрсдийн ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэлээ нийгмийн сайн сайханд захируулах ёстой юм.
Дээхэн үед эрх чөлөөг зөвхөн ноёд язгууртан зэрэг тодорхой хүмүүс буюу хэсэг бүлэгт олгосон тусгай эрх дарх гэж ойлгож байснаар надад төсөөлөгддөг. Өөөрөөр хэлбэл, эрх чөлөөтэй байх эрх нь хүн бүрт байдаггүй байсан гэдэг. Одоо буцаад энэ нь иржээ.
Энэ үг нь одоо цагийн эрх мэдэл, эрхтэн дархтнуудад хамаатай. “эрх чөлөө” гэдэг хоршоо үгийн сүүлийнхийг “мэдэл”-ээр сольж, орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлчихсэн байна.
Албан тушаал, эрх мэдэл, төрийн дээд төвшинд сэтгэлийн болон эдийн засгийн “жаргал” байдаг гэдэгт итгэх үе ч байх юм. Би шуналтайдаа биш, бас атаарахуудаа биш , харин нийгэм надад харуулсан нь энэ байх. Уг нь тэдний эрх биднийхээр хязгаарлагдах учиртай. Гэвч эсрэгээр байх нь олонтаа юм даа. Нэгэн оюутан ангийнхаа найзад хичээлийг нь зааж байхдаа, санамсаргүйгээр гэрийнх нь үнэ бүхий шилэн сервант хагалсныхаа төлөө жил гаруй шоронд суусан гэж дуулдаж байсан. Гэтэл хүний амь болон хөрөнгө мөнгөний хэдэн тэрбумаар яригдах хэрэгт нэр холбогдсон эрх мэдэлтэй түшээдүүд дархан цаазтай амьтан шиг эврээ сэрийлгэж, цээжээ ханхалцуулан бардам алхлах нь олонтаа. Энэ бүхний дунд дөнгөн даган бүдчин байгаа эрх чөлөөг бүтэн гэх үү, хагас гэх үү. Минийхээр бол заримдаг эрх чөлөө гэмээр. Уг нь эрх чөлөө гэдэг зүйл нь 1990 оноос хойш Монголын нэг тодотгол болж ирсэн…
Монголд өнөөдөр хоёр сая зургаан зуун "албат" бус хоёр сая зургаан зуун "иргэн" өөр өөрийнхөө "ЗӨВ сонголт"-ыг хийж, эрх чөлөөний үр шимийг өөртөө болон үр хүүхдэдээ эдлүүлэх гэж Үндсэн хуулийг дээдэлж байна. Хоёр гуравхан эзэнд захируулах гэж биш, хоёр сая зургаан зуун эзэнд засаг төрийг нь мэдүүлэх гэж Үндсэн хууль бас оршин байна.
Хоёр сая зургаан зуун хамжлага ард байх уу, хоёр сая зургаан зуун иргэн хүн байх уу... энэ бүхэн бид "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬ"-тай байж чадах эсэхээс л шалтгаална.
"Хувь хүн эрх чөлөөгөө заяамал гэж ойлгож байхад дарангуйлагчид эрх чөлөөг өөрсдөө өгдөг гэж боддог. Хүмүүс өөр хоорондоо жамаараа зохицон амьдрахаа шударга гэж үздэг байхад дарангуй бодолтнууд шударга ёсыг бид тогтоодог гэж ярьдаг."
Фридрих А.Хаекийн энэ үгийг олон дахин уншиж, олон дахин бусадтай ярилцмаар санагддаг. Учир юу гэвэл маш олон хүн монголд бусдыг дарангуйлаад байх эрх мэдэлгүй ч яг л энд дурдах дарангуйлагч адил бодож, сэтгэн түүнийгээ бусдад тулгаж байдаг.
Бид өөрсдөө сонгон байгуулж, түүнд татвар төлж буй хувьдаа төрийг хардан бодож, хянах эрхтэй юу, ер нь иргэн хүн төрийн хувьд хэн байх вэ, иргэний нэр төр гэдэг нь төрийн магтаал, шагналаар хэмжигдэх үүрэг, хариуцлага уу, эсхүл өөрийн хүсэл, мөрөөдлөөр өөрийнхөө амьдралыг авч явах эрх чөлөө юу?.
/Эрх чөлөөтэй байх боол байхаас хэцүү/
Хариуцлага гэдэг энэ үг урьд өмнө нь эзний өмнө хүлээх үүрэг, эзнээс албатад ногдуулах шийтгэл байлаа. Тиймээс эзэн албатдаа хариуцлага тооцдог гэж ойлгохоос хувь хүн өөрөө өөртөө хариуцлага ногдуулдаг гэж боддоггүй байж.
Харин хүмүүс өөртөө эзэн болж, иргэд эрх чөлөөтэй байх болсноор эзний цээрлэлээс ангижрасан ч нөгөө талдаа өмнө нь эздэд хариуцуулж байсан амьдралын хариуцлагаа хувь хүмүүс өөрсдөө үүрэх болж. Эндээс "эрх чөлөөтэй байх, боол байхаас хэцүү" гэх үг үүссэн билээ. Боол байхад санаа зовох зүйл нэг л бий. Тэр бол сайн эзэнтэй таарах. Мэдээж үүнд аз хэрэгтэй. Азтай байгаад сайн эзнтэй таарчих юм бол юу идэж өмсөх, хаана унтаж, амрах, ямар ажил хийх бүгд эзний хайр хишиг болно. Харин эрх чөлөөт хүний хувьд хэн нэгний хайр хишиг хэрэггүй. Эзний тухай бодох ч шаардлагагүй. Гэхдээ түүнээс бусад бүх зүйлийг бодож шийдэж, сонгох хэрэгтэй. Бодохгүйгээр сонголтоо хийж, шийдвэрээ гаргавал өлсөнө, даарна, ядрана. Гэхдээ өлсөж, даарч, ядарч байгаагийнхаа бурууг эрх чөлөөт хүн өрөөлд биш өөртөө өгч сурах ёстой. Ийм учираас л эрх чөлөөнд аз биш чадвар, мэдлэг бас багагүй зориг хэрэгтэй болдог. Энэ бол "Хувь хүний хариуцлага".
Эрх чөлөө ба дэг журам, нийтийн сайн сайхан ба хүмүүсийн ашиг сонирхлын хооронд зөрчилдөх зүйл байхгүй. Эрх чөлөө бүх хүний урт хугацааны ашиг сонирхолд нийцэж байдаг. Ютилитарианчууд /олонхийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн бүх зүйлийг зөвтгөдөг үзэл/ эрх чөлөөний үзлийг туйлын ихээр талархан дэмждэг байсан ба тэд эрх чөлөө нь олон хүмүүсийн ашиг сонирхлыг хангаж чадна гэдэгт итгэж байв.
Энэ ертөнцөд хүн өөрийн хүслийг хангахын тулд бусдын хүслийг хангах ёстой болдог гэж тодорхойлжээ.
Тиймээ, эрх чөлөө гэдэг үнэт зүйл нь бидэнд олдсон хамгийн үнэтэй баялаг юм байна. Эрх чөлөө нь бас хариуцлага юм байна. Эрх чөлөө нь бас хөгждөг юм байна. Гагцхүү манай оронд хөгжлийнхөө аль шатанд явж байгааг ард түмэн та бид л дүгнэж чадах байх. Гэхдээ эрх чөлөө гэдэг үнэт зүйл манай орны нүүр царай болж “эрх чөлөө”-т Монгол улс гэж дуудагдах цаг хэзээ нэгэн өдөр ирнэ гэдэгт би итгэдэг. Үүнийг цаг хугацаа л харуулах байх даа…

1 comment:

  1. Маш их таалагдлаа. Үнэхээр сайн эссэ болжээ.

    ReplyDelete